Хуралдаанаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын мэдээллүүдийг танилцуулж, аймгийн Онцгой байдлын газраас үүрэг чиглэлүүд өгч, шийдвэрлэх асуудлуудаа ярилцав.
Хуралдаанд 24 сумын удирдлага, сумын онцгой комиссын гишүүд онлайнаар оролцлоо.
Мэргэжлийн байгууллагаас зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд манай аймаг “Маш өндөр” гэсэн үнэлгээтэй гарсан. Өвөлжилт дийлэнх сумдаар хүндэрч, зам даваа хаагдах урьдчилсан төлөв гарсан учир аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас тодорхой үүрэг чиглэлүүдийг сумдын удирдлага, онцгой комисст өгөв.
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг УЦУОШГ, ОБГ- аас тухай бүрд нь сумын удирдлагуудад өгнө. Тэд багийн дарга нарт, багийн дарга нар иргэд, малчдад мэдээллийг хурдан түгээх, мэдээлэл авч амжаагүй айл өрхийн тоог гаргаж, мэдээ хүргэх ажлыг яаралтай зохион байгуулж байх, сум багийн дарга нар 24 цагийн хугацаанд утасны бэлэн байдлаа хангах, сум бүр онцгой нөхцөл байдал үүссэн үед эрлийн ажиллагаа, малчдад өвс тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүн хүч, туулах чадвар сайтай техник хэрэгсэл, тооцоо судалгаа, бүртгэлээ бэлэн байлгах, гамшгийн үед хэрэглэх дулаан хувцас, эмийн сан, гэрэл чийдэн, багаж хэрэгслээ сайтар бэлтгэх, сум бүр эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байх, байгууллагууд хоол хүнс, мод түлээний 2-3 сарын нөөцөө бэлэн байлгах, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг “Гараас гарт“ арга хэмжээний дагуу эцэг эхэд нь хүлээлгэх өгч байх, хүүхдүүдээ малын хариулга маллагаанд явуулахгүй байх, отрын бүс нутаг, алслагдсан газар өвөлжих айл өрхүүд өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асаргаа сувилгаанд эмчлүүлж буй хүн, бага насны хүүхдүүдээ төв суурин газарт өвөлжүүлэх, сум орон нутгаас олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.
Онцгой нөхцөл байдал үүссэн үед аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7046101, 7046105, Тэс сум дахь гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 70465701, Сонгино сум дахь эрэн хайх аврах бүлгийн 92101105, Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 70468101 утаснуудад дуудлага мэдээлэл өгнө.