ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИД 800 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын эдийн засгаа тэлэх бодлого боловсруулж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээ салбарынхандаа танилцуулав.

Завхан аймгийн хэмжээнд хавдрын, зүрх судасны өвчлөл их байгаатай уялдуулан эмч нарыг сургах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмж шинэчлэх тал дээр анхаарах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмчлүүлж сувилуулах боломжийг бүрдүүлж ажиллана гэлээ.

Аймгийн эрүүл мэндийн салбарынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторийн тоног төхөөрөмж, сумдын нарийн мэргэжлийн эмч нарын дутагдал, алсын дуудлагын томилолт, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчдийн зүгээс ирдэг зүй бус зан авир, шат шатны эмнэлгүүдийн уялдаа холбоо тааруу, орон нутгийн эмнэлгүүдэд хийх урсгал засварын асуудал зэргийг хөндөв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэж, орон нутгийн эмнэлгүүд менежментээ зөв боловсруулж, төсвөө нэмэгдүүлснээр олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг санууллаа.

2025-02-05 00:00:00