Архангай аймаг дахь барилга, инженер, экологийн Зэвсэгт хүчний 342 дугаар анги, Завхан аймгийн ЗДТГ- ын Цэргийн штабтай хамтран “Эцэг эхийн нэг өдөр” арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэлт-Од болон Завхан аймгаас хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийн аав ээж, гэр бүлийн төлөөлөл оролцож, цэргүүдийн алба хааж буй нөхцөл байдалтай танилцлаа.
Тус анги нь байгуулагдаад удаагүй бөгөөд одоогоор 2 дахь ээлжийн цэргүүд нь албаа хааж байна. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад цэргүүдээ оролцуулж, хатуу хучилттай авто замын төсөл буюу газрын тос боловсруулах үйлдвэр барих авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, төмөр замын төсөлд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Цогт цэций өртөө-Зэхэлт хүрэх төмөр зам, Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтад оролцуулж, ажилласан өдрийн цалинг тооцуулан нэрийн дансанд нь байршуулж байна.
Түүнчлэн Архангай аймгийн Политехник коллежтой хамтран барилга өрөг угсралт, дрон нислэг, ХАА-ын машин механизм засвар, ойжуулагч, гагнуурчин, барилгын засал чимэглэл, цахилгаанчин мэргэжлээр цэргүүдээ суралцуулж, мэргэшил эзэмшүүлж байгаагаа ангийн удирдлага танилцууллаа.
Мөн цэргүүд алба хаах хугацаандаа жолооны В,С ангиллаар суралцаж төгсөхөөс гадна компьютер, монгол бичиг, англи хэлний хичээлүүдэд хамрагдаж байгаад эцэг эхчүүд сайшаалтай байна.

2025-04-06 00:00:00