Тувагийн өдрүүд Завхан аймагт арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсаас ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотод суугаа консул Л.Энхболд болон салбарын удирдлагууд Бүгд Найрамдах Тува Улсын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад БНТУ-ын соёлын дэд сайд Бижик Айлана Алексеевна тэргүүтэй төрийн алба, хувийн хэвшлийнхэн оролцов.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр төлөөлөгчдийг Завхан аймагт хүрэлцэн ирсэнд талархаад, БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр төлөвлөж, гүйцэтгэж буй ажлуудаа танилцуулав.
БНТУ-ын талаас удаа дараагийн уулзалтууд дээр яригдсан аялал жуулчлал хөгжүүлэх, махны хамтарсан үйлдвэрлэл эрхлэх, бизнесийн түншлэл нэмэгдүүлэх, Цагаан толгой боомтыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дуулгаад, Завхан аймаг Арц суурь хилийн боомт хүртэлх 159,5 км хатуу хучилттай авто замаа тавьж эхэлсэн болон хилийн боомтыг хөгжүүлэх төслийг эхлүүлсэнд маш их сайшаалтай хандаж, олон жил яригдсан хамтын ажиллагаа ажил хэрэг болж, алхам алхмаар урагшилж байгаад талархаж байгаагаа хэллээ.
Мөн энэ үеэр ОХУ-аас шатахуун хилээр гаргах боомтуудын жагсаалтад Арц суурь боомтыг оруулах асуудлыг дээд шатны байгууллагууддаа хүргүүлсэн, нааштай хариу хүлээж буй баяртай мэдээг Завханчуудад дуулгав.
Тувагийн өдрүүд Завхан аймагт арга хэмжээ үргэлжилж байна.

2025-05-29 00:00:00