“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн талаар сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгааг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Даваахүү онцлон харж, хөөцөлдсөнөөр орон нутгийн дэмжлэгийг авч, зорилтод арга хэмжээг зохион байгуулсан байна.
Арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын ЕБ-ын сургуулийн 1,2 дугаар ангийн 502 хүүхдэд шүдний үзлэгийг хийж, холбогдох арга хэмжээг авлаа. Эцэг эхийн төлөөлөл, багш, суралцагч 700 гаруй хүнд шүдийг зөв угаах дадлага сургалтыг хийж, “Шүдээ хэрхэн зөв угааж сурсан бэ” сэдвийн хүрээнд 5 өртөөгөөр тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлсэн 3 баг, 3 хүүхдийг шагнаж урамшуулан, оролцогч хүүхэд бүрд хичээлийн хэрэглэгдэхүүнийг олгосон байна.
Үзлэгийн дүнгээр шүд цоорох өвчин 386 буюу 85,3 хувь байгаа бол эрүүл шүдтэй хүүхэд 66 буюу 14,7 хувь байна. Хүүхдүүдийн 5 орчим хувь нь төрөлхийн зуултын гажигтай, 21 хувь буюу 96 хүүхэд хэл болон уруулын хөвч богино байна.
Гүйцэтгэлийн тайлангийн хуралд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн эмч, эрүүл мэндийн багш, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож, цаашид тогтвортой байдлыг ханган, санаачилгатай ажиллах, өргөжүүлж явуулах талаар санал дэвшүүлсэн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний гажиг заслын нарийн мэргэжлийн эмчтэй болох, орон нутагт зарим нэг гажиг заслын эмчилгээг хийдэг байх зэрэг бодлогын түвшинд төлөвлөж, шийдвэрлэх асуудлуудыг гаргаж тавьлаа.
УБ хот болон Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч нар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв, сумын “Мөнхийн алба” өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн эмч нар хамтран дэмжиж ажилласан байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС