“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47.3-т зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж буй бүх гишүүд худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн байх буюу худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, А3 гэрчилгээ авсан байх шаардлага тавигддаг. Сангийн сайдын 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын дагуу уг сургалтыг Сангийн яамнаас эрх авсан ТББ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл болон Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулсан. Сургалтад 23 сумын 80 албан хаагч, иргэн, Төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдсан.