МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ОЛИМПИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЦОМ ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ-С АЯЛАЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ.
1962 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Завхан аймгийн Биеийн тамир спортын газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал “Цом”-ыг хүлээн авч хандив дэмжлэгийн талаар ажилчин алба хаагчиддаа танилцуулан аялуулж Олимпийн хөгжлийг дэмжих санд Тамгын Газрын хамт олноос 380,000 төгрөгний хандив өргөж олимпод оролцох баг тамирчид багш дасгалжуулагчиддаа арвин их амжилтыг хүсээд монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл Монгол Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаагаа Бразилын тэнгэрт олон удаа мандуулж, аялгуу эгшиглэнт, сүр жавхлант төрийн дуулал мөн олон удаа эгшиглэх ерөөл өргөлөө.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Аяны хүрээнд аймгийн ЗДТГ 3/481 албан тоот гарган албан байгууллагын дарга эрхлэгч нарт танилцуулан, батлагдсан хуваарийн дагуу аялалын буухиаг үргэлжлүүлэх аймгийн ИТХ-ын ажлын албанд цом болоод дагалдах дэвтрийг хүлээлгэн өглөө.

Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, цом аялах аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран 2016 оны 5 дугаар сар 28-ний өдөр бүх байгууллагуудын дунд явган алхалтын хөдөлгөөн зохион явуулахаар төлөвлөсөн байна.Цом 2016 оны 05 сарын 23 наас 6 дугаар сар 14-нийг хүртэл албан байгууллагуудаар аялах бөгөөд Завхан аймаг 6 дугаар сарын 18-нд Олимпийн хороонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Тус санд хандив цуглуулах гол зорилго нь Бразил улсад зохиогдох зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах үйлсэд бүх нийтийн дэмжлэгийг төвлөрүүлж, Олимпийн хөгжлийг дэмжихэд оршино. Цомын аяныг аймаг, дүүрэг, салбарын яамд, аж ахуйн нэгж, байгууллага, компаниудаар 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 05-ы хооронд зохион байгуулах юм байна.         

2016-05-25 08:57:28