ЭВИЙН ӨРГӨӨ-ЭНХИЙН ГҮЙЛТ 2016 ГАЛТ БАМБАР ЗАВХАН АЙМГААР АЯЛЖ БАЙНА
1786 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Даян дэлхийн эв найрамдлын төлөө уриатай “Эвийн өргөө-Энхийн гүйлт”-д оролцож буй баг тамирчид 2016 оны 06-р сарын 20-ны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод хүрэлцэн ирж, эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Галт бамбарыг аймгийн Засаг даргын Тамгын газар болон төр захиргааны байгууллагууд хүндэтгэн буухиалан авлаа.

Уг арга хэмжээнд оролцож буй баг тамирчдыг орон нутгийн удирдлагын төлөөллүүд  Солонготын даваанаас угтан авч Их-Уул,Тэлмэн,Идэр, Улиастай хотоор дайран цааш Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумдаар дайран өнгөрч Ховд аймгийн Дөргөн суманд очих юм.

 

Арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал үг хэлж гүйлтийн баг тамирчидад амжилт хүсч баяр хүргэсэн юм. Гүйлтийн багийг угтах ёслол аймгийн төв талбайд болж уг арга хэмжээнд холбогдох албаны хүмүүс болон Улиастай сумын иргэд оролцлоо.

Энэхүү гүйлт нь  2010 онд зохион байгуулагдахдаа манай аймгийн Баянтэс, Тэс, сумдын нутгаар дайран өнгөрч байсан бол энэ удаад зүүн бүсийн болон говийн сумдаар дайран өнгөрч байгаа нь олон улсад Завхан аймгаа  сурталчилах томоохон боломжийг олгож байгаа юм.

Энэхүү гүйлт нь дэлхийн 100 гаруй улс орон оролцдог тус гүйлтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг хүргэдэг учиртай.Анх 1987 онд нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг анх санаачилсан бөгөөдтэр цагаас хойш Европ, Ази, Хойд Өмнөд Америк, Африк, Австрали 6 тивийн 140 гаруй орныг хамран 6 сая гаруй хүн галт бамбарыг гараас гарт дамжуулан, энхийн уриаг хүргээд байгаа юм.  Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн оржээ.

Манай улсын хувьд энхийн гүйлтийн галт бамбарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос зургадугаар сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялуулж, 3000 км орчим замыг туулан зургадугаар сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүргэх юм.

2016-06-21 14:54:59