Завхан аймгийн Засаг Дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний ивээл дор зохион байгуулагддаг “Өсвөрийн морин хуурч” шалгаруулах V их наадам аваргуудаа тодрууллаа.
1548 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Өсвөрийн морин хуурч” шалгаруулах уралдаан нь хүн төрөлхтний утга соёлын өв болсон “Морин хуур” хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, хадгалан хамгаалах мөн ирээдүйн хуурчид хэрхэн бэлтгэгдэж байгаа болон  сургалтын чанарыг үнэлэх, туршлага солилцох эрхэм зорилготой аймгийн хэмжээний томоохон уралдаан билээ. 2222 морин хуурчдын өлгий Завхан нутгийн авьяаслаг хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг тус наадмыг ЗДТГ-н Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга М.Гүрсэд нээж оролцогч хүүхдүүддээ амжилт хүслээ.

Наадамд сум, сургуулиасаа шалгарсан шилдэг 200 гаруй сурагчид оролцсон юм. Уралдаан бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалтай гоцлол болон хамтлаг төрлөөр явагдаж шилдэг хүүхдүүд маань авьяас чадвараа сорин өрсөлдлөө.Тэмцээний шүүгчээр ХЖТ-н дарга П.Бямбадорж, ДХБ-н мэргэжилтэн Ж.Цэрэнханд, ХЖТ-н дарга асан Ш.Доржжүгдэр нар ажилласан юм.

Ингээд “Гоцлол хөгжим”-ийн төрлөөр бага насны ангилалын тэргүүн байрыг Алдархаан сумын сурагч н.Хонгорзул, дунд насны ангилалд тэргүүн байрыг Дэвшил сургуулийн сурагч  н.Адъяа, ахлах насны ангилалд тэргүүн байрыг ЖЦС-н сурагч н.Нямсүрэн нар тус тус эзэлсэн бол “Хамтлаг” төрлөөр ЖЦС-н “Жавхлант эгшиглэн” хамтлаг тэргүүн байрт шалгарлаа.Мөн тэмцээний гоцлол “Гранпри”-н эзнээр  ЖЦС-н сурагч н.Нямсүрэн шалгарлаа.

Ийнхүү хоёр өдрийн турш  үргэлжилсжэн “Өсвөрийн морин хуурч” шалгаруулах V их наадамыг ЗДТГ-н Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга М.Гүрсэд хааж  хэлсэн үгэндээ “Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлэгдэл юм. Энэ гайхамшигт хөгжмийг сонгон хичээллэж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй их хувь нэмэр оруулж байгаа хүүхэд багачууд та бүхнээрээ маш их бахархаж байна.” гээд цаашдын урлаг, сурлагын зам тань гэрэлтэй дардан байг гэлээ.  

Морин хуур хөгжмийн тухай сонирхуулахад монголын ард түмэн “Морин хуур”-ын үүслийн талаар “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт домог үлгэр хэлэлцсээр иржээ. Домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн гэж үздэг. Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул ингэж хуур хөгжим дээрээ “Молор эрдэнэ” болсон морины толгойг байрлуулсан байна.

2016-05-08 19:59:10