ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
2306 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно:

       1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;

       1.2.2. төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид.

1.3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн байгууллага жил бүр төсөвтөө тусгана. 

Хоёр. Төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр тооцон олгох
      нийтлэг мөнгөн урамшуулал

2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно.

2.2. Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна.

2.3. Энэхүү журмын  2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана.

2.4. Төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход Засгийн газраас баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамд заасан нөхцөл, шалгуурыг баримтална.

2.5. Энэ журмын  2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно.

2.6. Төсвийн шууд захирагч энэ журамд нийцүүлэн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох нарийвчилсан журмыг баталж болно.

2.7. Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн  урамшуулал олгохгүй.

Гурав. Эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр
     олгох мөнгөн урамшуулал

3.1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн мөнгөн урамшуулал олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага энэ журмын дагуу мөнгөн урамшуулал олгож болно.

3.2. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 395 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.3. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшуулал олгохдоо энэ журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, тухайн жилийн төсөвт уг урамшуулалд зориулан батлагдсан хөрөнгийн дүнд багтаан энэ журмын  3.10, 3.12-т заасан шийдвэрийг үндэслэн олгоно.

3.4. Мөнгөн урамшуулал олгоход дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:

Албан тушаал

Үр дүнгийн үндсэн шалгуур

Үндсэн шалгуурыг тодорхойлох тусгай үзүүлэлт

А.Эрүүл мэндийн ажилтанд тавигдах нийтлэг шалгуур үзүүлэлт

Эрүүл мэндийн ажилтан

Үйлчилгээний чанар

 1.Хүлээлгэж чирэгдүүлэлгүй үйлчилгээ   үзүүлсэн байдал;

 2.Ёс зүй, харьцааны байдал;

 3.Үйлчлүүлэгч, хамт олны сэтгэл ханамжийн байдал.

Ажлын ачаалал, хариуцлага

 1.Ажлын цаг ашиглалт;

 2.Ажлын ачаалал;

 3.Хариуцсан өмч хөрөнгийн ашиглалт;

 4.Албан хэргийн бүртгэл, хөтлөлт, тайланг хугацаанд нь гаргасан байдал.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд оруулсан хувь нэмэр

 1.Эмчилгээ үйлчилгээнд шинэ бүтээл, оновчтой санааг нэвтрүүлэн, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон байдал;

 2.Үргүй зардлыг багасгах талаар тодорхой санал санаачилга гарган ажилласан байдал;

 3.Ажлын идэвх, олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал.

Б.Тусгай шалгуур үзүүлэлт

Эмнэлгийн мэргэжилтэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар

 1.Эмчилгээ, үйлчилгээний стандартыг мөрдөж байгаа байдал;

 2.Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа байдал;

 3.Эмчилгээ, үйлчилгээний талаар гаргасан гомдол;

 4.Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн байдал;

 5.Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, чанар.

Эрүүл мэндийн бусад ажилтан

Хариуцсан ажлын чанар

 1.Стандарт мөрдөж байгаа байдал;

 2.Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, чанар;

 3.Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.5. Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам, энэ журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалыг эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

3.6. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг “бүрэн хангалттай”, “хангалттай” гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ.

3.7. Ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран дараахь хувь хэмжээгээр сар бүр мөнгөн урамшуулал тооцно:

Бүх шалгуурын биелэлтийн хувь

Ажлын үр дүнгийн үнэлгээ

Албан тушаалын үндсэн цалингаас урамшил тооцох хувь (сард)

90-100

Бүрэн хангалттай

11-20 хувь

(Засгийн газрын 2019 оны 395 дугаар
тогтоолоор өөрчлөлт орсон)

71-89

хангалттай

10 хувь хүртэл

 

3.8. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшуулал олгохгүй.

3.9. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана.

3.10. Эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана.

3.11. Мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно.

3.12. Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана.

Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын
байгууллагын багш, туслах багш, албан хаагчид
олгох улирлын ажлын үр дүнгийн
мөнгөн урамшуулал

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоно.

4.2. Энэ журмын 4.1-д заасан албан хаагч гэдэгт сургалтын байгууллагын төсвөөс цалинждаг орон тооны ажилтан хамаарна.

4.3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, бусад албан хаагчид олгоно.

4.4. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшийн сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим сан бүрдүүлэх, уралдаан тэмцээнд хүүхдүүдийг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг,  ерөнхий боловсролын сургуулийн багшийн дэвтэр засах, давтлага өгөх, шалгалт, шүүлэг авах, сургалтын арга зүй, технологи, инновацийг хөгжүүлэх, цахим болон интерактив, нээлттэй контент, хэрэглэгдэхүүн боловсруулах, сурагчдын цахим сан бүрдүүлэх, секц дугуйлан хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг тус тус үнэлж  албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.

4.5. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.

4.6. Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 388 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.7. Энэ журмын 4.3-т заасан нөхцөлийг хангасан багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.

 

-----о0о-----

2021-09-13 06:55:18