ЗАВХАН АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА ШАЛГАРЛАА
240 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА ШАЛГАРЛАА

Өнөөдөр /2021-12-28/ Завхан аймгийн оны тэргүүний хүүхэд, тэргүүний хүүхдийн оролцооны байгууллага, гэр бүлийг алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал нээн үг хэлж, шагналыг аймгийн удирдлагууд гардуулав.

1.Сурлагын амжилт төрөлд “Оюунлаг зөв Хүүхэд”-ээр Завхан аймгийн Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн суралцагч Отгонбаатарын Уянга шалгарлаа. Тэрээр ”Тэтгэлэгт сорилго-2021” улсын уралдаанд ажилттай оролцож 100%-ийн тэтгэлэг хүртсэн амжилтаар Завхан аймгийн “Оюунлаг-Зөв хүүхэд”-ээр шалгарчээ.

2.Урлаг, уран бүтээл төрөлд “Авьяаслаг-Зөв Хүүхэд”-ээр Завхан аймгийн Дэвшил сургуулийн 12в ангийн суралцагч Дэлгэрдалайн Төгсжаргал шалгарлаа. Тэрээр МУУГЗүтгэлтэн Ц.Жамъяаны нэрэмжит Баруун таван аймгийн дуучдын уралдаанд 3-р байр эзэлсэн байна.

3.Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил төрөлд “Спортлог-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 9б ангийн суралцагч Баянмөнхийн Төгсбаясгалан тодорлоо. Б.Төгсбаясгалан нь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр, Баруун бүсийн аварга шалгаруулах цахим тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

4. Мөн Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил төрөлд “Спортлог-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн суралцагч Батжаргалын Хонгорзул шалгарлаа. Тэрээр 2020 онд өсвөрийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр, 2021 онд хангайн бүсийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

5. Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд “Соёлын өвийг тээгч-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Дэвшил сургуулийн 12а ангийн суралцагч Дэлэгсамбуугийн Шааравжамц шалгарлаа. Д.Шааравжамц нь ”Хууртай монгол” олон улсын онлайн фестивальд гоцлол хөгжмийн төрөлд шилдэг оролцогч, 2019 оны өсвөрийн “морин хуурч” 7-р уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтаар шалгарсан байна.

6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага “Тэргүүний идэвхтэн-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12в ангийн суралцагч Ганзаяагийн Энхжин тодорлоо. Тэрээр олон нийтийн үйл хэрэгт хүүхдийн өргөн оролцоог бүрдүүлэх, эерэг дадал хэвшлийг бусдад ухуулан таниулах, тэднийг татан оролцуулах, сайн дурын үйл ажиллагаанд манлайлан оролцдог шилдэг суралцагч юм.

7. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа төрөлд “Бүтээлч-Зөв хүүхэд”-ээр Гүнширийн Хатанбаатар шалгарлаа. Г.Хатанбаатар нь 2021 оны “Монгол ур чадвар” улсын уралдаанд амжилттай оролцож 1-р байр эзэлжээ.

8. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс “Шударга үйлстэн-Зөв Хүүхэд”-ээр Улиастай сумын 12а ангийн суралцагч Ганзориг Чулуунцэцэг тодорлоо. Тэрээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд багачуудад туслах сайн үйлийг жил бүр санаачлан хэрэгжүүлдэг, үеийн нөхдөдөө энэрэнгүй тусч чанар, шударга журмын үлгэр дуурайлал болдог, үйлс бүтээлийн хураар бусдыгаа хошуучлан манлайлсан учир хүмүүнлэг энэрэнгүй үйлс “Шударга үйлстэн-Зөв хүүхэд”-ээр шалгарсан байна.

9. Сайн туршлага түгээгч “Тэргүүний Хүүхдийн оролцооны байгууллага”-аар Завхан аймгийн Улаан загалмайн хорооны дэргэдэх “Тусч” бүлгэмийн хамт олон шалгарлаа.

Тус хамт олон нь хүүхдийн нийгмийн өргөн оролцоог хангаж идэвх санаачлагыг өрнүүлэх, удирдан манлайлах, багаар хамтран ажиллах арга зүйд суралцах, үеийн нөхдөө татан оролцуулах, сурагчдын өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, хүүхдийн санал бодлыг олон нийтэд хүргэх тэргүүтэн бүтээлч үйлс хийгээд алдар хүндийн үлгэр дууриалал, үйл ажиллагааны бодит үрээр бусдыг хошуучлан манлайлсны учир сайн туршлагаа түгээгч Завхан аймгийн “Тэргүүний хүүхдийн оролцооны байгууллага”-аар шалгарсан байна.

10.“Тэргүүний Хамт олон” төрөлд Г.Ганцэцэг дасгалжуулагчтай аймгийн өсвөрийн эмэгтэй волейболын шигшээ баг шалгарлаа.

Мөн энэ үеэр үеийн нөхдөө хошуучлан, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Мижиддоржийн Будхүүг Завхан аймгийн “Шилдэг хүүхэд” тэмдэгээр шагналаа.

11. “Аз жаргал дүүрэн-Хариуцлагатай гэр бүл” төрөлд “Оны онцлох гэр бүл”-ээр Баттулгын Түдэвваанчигийн гэр бүл шалгарлаа.

Өрхийн тэргүүн Б.Түдэвваанчигийн хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Зөв Улиастай” арга хэмжээг 2019 оноос эхлэн нийт 6 удаа байгуулж, 500 гаруй залуучуудыг хамруулсан. Мөн гэр бүлээрээ Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас зохион байгуулсан “Ном уншлагыг идэвхжүүлэх, өрхийн номын сангийн тохижилтыг дэмжих аян”-ы 1-р байр, “Миний гэрийн номын сан” цахим уралдааны 2-р байрыг тус тус эзэлсэн. Хүү Эрмүүн нь А.С.Пушкины зохиолыг хэн сайн унших вэ улсын уралдааны 1-р байр, улсын Математикийн олимпиадын 2-р байрны шагналтай. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, эрүүл мэнд, боловсролд маш их анхаардаг. Хүүхдүүдээ ухаалаг утас, зурагтнаас хол байлгадаг. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом, шагайгаар тоголдог. Хашаандаа мод тарьж ногоон орчин бүрдүүлэхийг, хог хаягдлыг багасгахыг зорьдог. Хүүхдүүддээ гудамж болон ил задгай газарт хог хаяхгүй байхыг зааж сургадаг үлгэр жишээ, тэргүүний Оюунлаг гэр бүл юм.

12. “Аз жаргал дүүрэн-Хариуцлагатай гэр бүл” төрөлд “Оны онцлох гэр бүл”-ээр Жигжидсүрэнгийн Амарбаярын гэр бүл шалгарлаа.

Өрхийн тэргүүн Ж.Амарбаяр нь үндэсний шагайн харваагаар хичээллэдэг. “Шагайн харваа-2021” Аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналтай. Гэрийн эзэгтэй гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортоор хичээллэддэг, аймгийн аварга шалгаруулах тэмцээний 2,3-р байрын шагналтай. Мөн Сэтгэх чадварын олимпиадын 3-р байрын шагналтай. Охин А.Номин математикийн болон уран уншлагын тэмцээний 2,3-р байрын шагналт, 2019-2020 оны хичээлийн жилийн “Шилдэг сурагч”-аар шалгарч байсан. Өнөөгийн нийгэмд мартагдаж буй өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хадгалуулахын тулд бусдад зааж сургадаг үлгэр жишээ гэр бүл байхыг эрхэмлэдэг. Амьдрах орчноо өөрсдөө тохижуулж хашаа байшингаа шинээр барьсан. Том охин Номин үндэсний ятга хөгжим тоглодог. Эцэг эхийн зүгээс хүүхдүүдээ маш сайн дэмждэг, гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг. Хүүхдүүддээ зориулан чанартай цаг гаргаж тэдний хүсэл сонирхолыг дэмжин уралдаан тэмцээнд оролцоход нь ихээхэн дэмжлэг үзүүлдэг Бүтээлч гэр бүл юм.

13. Байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн тамгын газар тус тус шалгарав.

 

2021-12-28 16:45:25