Их-Уул сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 19,20,21-ний өдрүүдэд болно. Ойгоо угтаж хийж байгаа бүтээн байгуулалтууд, баяр наадмын бэлтгэл ажлын явцтай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардоржийн хамт танилцаж, тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож, холбогдох хүмүүст тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Их-Уул сум ойн баяраа шинэ цэнгэлдэхдээ тэмдэглэнэ. Цэнгэлдэхийн гүйцэтгэл одоогоор 80 хувьтай байгаа ба 1200 хүний стадионы зориулалтын 4 эгнээ суудалтай, 15 жилийн баталгаатай поликрабнат дээвэртэй, төмөр бетон бүрэн цутгамал ханатай. Гүйцэтгэгчээр “Залаат цагаан уул” ХХК ажиллаж байна. Цэнгэлдэхийн гадна эко нойлыг шийджээ.
Мөн ойн хандиваар 24x44 харьцаатай хөл бөмбөгийн талбай, 11x34 харьцаатай 3x3 сагсан бөмбөгийн талбай, аймгийн Засаг дарга асан Д.Раднаарагчаагийн нэрэмжит ЕБС-ын усан оргилуур, “Госог” сүмийн шинээр тавьж буй халаалт, гадна дотор заслын ажлын явцтай танилцаж, тулгараад байгаа яаралтай шийдүүлэх асуудлуудын саналыг сонсож, хэд хэдэн үүрэг чиглэл өгч ажиллалаа.