Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн

2017 оны 02  тоот тогтоолын хавсралт

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

ХУРАЛДААНЫ ДЭГ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

           

1.1.Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/-ыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам, энэхүү дэгийг баримтлан явуулна.

 

1.2.Хуралдаан нь хууль дээдлэх ёс, шудрага ёс, хамтын удирдлагын зарчмыг баримтлан цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

 

Хоёр.Хуралдааны бэлтгэлийг хангах.

 

2.1.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл”/-ийн Хуралдааны бэлтгэл хангуулах ажлыг  салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.

 

2.2.Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэгтгэн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төсөл боловсруулан салбар Зөвлөлийн даргад урьдчилан танилцуулна.

 

2.3.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг салбар Зөвлөлийн дарга тогтоож, Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батална.

 

2.4.Хуралдааныг улирал бүрийн сүүлийн сарын 4 дэхь 7 хоногийн Лхагва гаригт 14 цагаас хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулна.

 

2.5.Салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох бусад материалыг олшруулан битүүмжилж, уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө салбар Зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар хүргүүлсэн байна.

 

2.6.Салбар Зөвлөлийн гишүүд нь Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалтай бүрэн танилцаж, саналаа бэлтгэж оролцоно.

 

2.7.Хуралдааны зохион байгуулалт, байрны нөхцөл, техник хэрэгсэлийн бэлэн байдлыг хангах ажлыг салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.

 

2.9.Хуралдаанаар тухайн асуудал хэлэлцүүлэхэд байлцуулах шаардлагатай гэж үзсэн төрийн болон бусад байгууллагын албан тушаалтан, урилгаар байлцуулах иргэний нэрийг салбар Зөвлөлийн даргын зөвшөөрснөөр салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга урьдчилан гаргаж, өөрсдөд нь мэдэгдэж хуралдаанд бэлэн байлгана.

 

Гурав.Хуралдааны дэг

 

3.1.Салбар Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Хуралдаанд заавал оролцоно.

 

3.2.Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцож амжаагүй салбар Зөвлөлийн гишүүдэд хуралдааны материал, гаргасан шийдвэрийг салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга тухай бүр нь танилцуулж байна.

 

3.3.Хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан Хуралдаанд салбар Зөвлөлийн гишүүдээс гадна даргын зөвшөөрснөөр хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан, төрийн болон бусад байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтныг оролцуулан Хуралдааныг өргөтгөн хийж болно. Мөн шаардлагатай гэж үзвэл иргэнийг холбогдох асуудлыг нь  хэлэлцэхэд урилгаар байлцуулж болно.

 

3.4.Салбар Зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр Хуралдаан хүчин төгөлдөр болох бөгөөд салбар Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцоно.

 

3.5.Салбар Зөвлөлийн гишүүн зөвхөн “Зөвшөөрсөн” “Татгалзсан” хоёр саналын аль нэгийг өгөх бөгөөд өөртэй нь холбоотой ашиг сонирхолыг зөрчилд орж болзошгүй гэж үзсэн асуудал дээр тайлбараа хэлж, санал өгөхгүй байж болно.

 

3.6.Хуралдаанд салбар Зөвлөлийн дарга  асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хуралдаанаас гарсан шийдвэрт салбар зөвлөлийн дарга / даргыг түр орлон гүйцэтгэж байгаа гишүүн/ гарын үсэг зурна. Хэрэв дарга өөр саналтай байсан ч олонхиороо шийдвэрлэсэн асуудлаар гарсан шийдвэрт гарын үсэг зурах үүрэгтэй.

 

3.7.Хуралдааныг салбар Зөвлөлийн дарга, түүний эзгүйд түр орлож байгаа зөвлөлийн гишүүн даргална.

 

3.8.Хуралдааныг дараах журмаар явуулна.

 

а/Хуралдааны эхэнд өмнөх хуралдааны шийдвэрийн талаар салбар зөвлөлийн гишүүдэд товч танилцуулга хийнэ.

 

б/Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг салбар Зөвлөлийн гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг хуралдаан даргалагч Хуралдааны эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож хэлэлцэх асуудал, дарааллыг санал хураалган шийдвэрлэж, тохирсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн асуудлыг хэлэлцэнэ.

 

в/Асуудал хариуцан оруулж байгаа холбогдох албан тушаалтан тухайн асуудлаар танилцуулга хийсний дараа асуулт, хариулт явуулна. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хуралдаан эхлэх цагт хүрэлцэн ирээгүй Зөвлөлийн гишүүний хариуцан хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байгаа тохиолдолд хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхийг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Хуралдаанд хэлэлцүүлж буй асуудлаар товч тайлбар хийсний дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр гишүүд санал гаргах бөгөөд тэгэхдээ нэг асуудалд 2-оос илүүгүй санал гаргах бөгөөд 1 удаагийн санал 3 минутаас илүүгүй байна.

 

г/Хуралдаанд оролцож байгаа төрийн болон бусад байгууллагын холбогдох албан тушаалтан нь хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тайлбар өгнө.

 

д/Хуралдаанд оролцогчдын асуулт, хариулт, санал нь хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна.

 

е/Хуралдаанд оролцогчид нь Хуралдаанаас түр гарахдаа Хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.

 

з/Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, саналын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

и/Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана. Мөн Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35.1.6, 35.1.7, 35.1.9, 35.1.11, 35.1.12, 35.1.13, 39.1, 351.1, 281.1, 281.3, 281.4 хэсэгт заасан асуудлаар санал дүгнэлт гаргана.

 

л/Хэлэлцэж байгаа асуудлаас хамаарч Хуралдааныг нээлттэй болон хаалттай явуулахыг Хуралдаанд оролцож байгаа салбар Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

м/нээлттэй Хуралдааны ажиллагааг  сурвалжлах хүмүүсийг Хуралдааны танхимд оруулах зөвшөөрлийг Хуралдаан даргалагч өгнө.

 

н/Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж шийдвэрийн төслийг уншиж танилцуулна.

 

о/Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гарган батлах, шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулж Хуралдаанд оруулахаар хойшлуулах гэсэн 3 хэлбэрээр шийдвэрлэнэ.

 

ө/Нууцын зэрэглэлтэйгээс бусад асуудлаар хэлэлцэж, гаргасан хуралдааны шийдвэрийг тухайн асуудлыг хариуцаж оруулсан салба Зөвлөлийн гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж болно.

 

Дөрөв.Хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлон гаргах, материалыг архивт өгөх журам

 

4.1.Хуралдаанаас гарсан шийдвэрт хуралдааны үед хэлсэн саналыг тусган, салбар Зөвлөлийн гишүүдэд хянуулж, салбар Зөвлөлийн даргад танилцуулан зохих журмын дагуу албажуулна.

 

4.2.Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт Хуралдаанаас хойш агуулгын өөрчлөлт хийхийг хориглоно. Агуулгын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарвал Хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ.

 

4.3.Хуралдааны шийдвэр, бусад холбогдох материалыг ажлын 3 хоногт багтаан албажуулж зохих байгууллага, албан тушаалтан, холбогдох иргэнд салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүргүүлнэ.

 

4.4.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд тухайн тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарыг үсгээ зурна. Тэмдэглэлийг  салбар Зөвлөлийн даргад /Хуралдаан даргалагчид/ танилцуулж албажуулна.

 

4.5.Хуралдааны явцын тухай дэлгэрэнгүй тэмдэглэлд дор дурьдсан зүйлийг заавал тусгана.

 

а/Хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан он, сар, өдөр, цаг, минут

 

б/ирцийн байдал /тоо, хувиар/, Хуралдаанд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан

 

в/Хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцсон, байлцсан хүмүүсийн албан тушаал, нэр

 

г/Хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан хүний албан тушаал, нэр

 

д/хэлэлцэж байгаа асуудлалтай холбоотой асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үгийн товч утга

 

е/Хуралдаанд хоцорч ирсэн, хуралдааны дундуур чөлөө авч явсан гишүүний нэр, цаг, минут

 

ж/саналын зөрүүтэй асуудлаар болон гарах шийдвэрийн төслийн талаарх санал хураалтын дүн / тоо, хувиар/

 

з/гарсан шийдвэрийн агуулга /утга/

 

и/Салбар Зөвлөлийн гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг болон өөрөө бичиж өгсөн санал

 

4.6.Хуралдаан тус бүрээр тухайн Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлийг салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж дор дурьдсан баримт бичгийг архивын үндсэн зааврын дагуу салбар Зөвлөлийн архивилж зориулалтын дагуу хадгална.

 

а/Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө

 

б/Хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбар Зөвлөлд ирүүлсэн асуудалтай холбогдсон материалын эх хувь болон уг асуудлыг боловсруулан хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан материал

 

в/Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлийн эх хувь

 

4.7.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлд Хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурна.

 

4.8.Хуралдаанаас гарсан тогтоол, Хуралдааны бусад шийдвэрт салбар Зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

 

4.9.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлтэй салбар Зөвлөлийн гишүүд, тухайн асуудлын талаарх холбогдох бусад хүмүүс салбар Зөвлөлийн даргын зөвшөөрснөөр танилцаж болно.

 

4.10.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлтэй нууцын асуудал хариуцсан ажилтан /архиын эрхлэгч/-ны дэргэд танилцах бөгөөд энэ тухай бүртгэл хөтөлнө. Хуралдааны явцын тухай тэмдэглэлийг олшруулах, бусад байгууллага, албан тушаалтанд өгөхийг хориглоно.

 

4.11.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, салбар Зөвлөлийн гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн байдал, салбар Зөвлөлийн Хуралдааны дэгийн хэрэгжилтийн судалгааг салбар Зөвлөлийн нарийн бичгийн дарга хагас бүтэн жилээр нэгтгэж Хуралдаанд танилцуулна.

 

 

 

 

 

________оОо_______

 

НИЙТЭЛСЭН: 2017-03-24 14:46:34