ЗАВХАН АЙМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
59316 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан Улсын ууган дөрвөн аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 73,4  мянга, Улаанбаатар хотоос 1023 км зайтай оршдог.

Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутагт шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеэс баттай тавигдсан гэж үзэж болно. Энэ үед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Балдан Хунтайж, дэд хөвгүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвгүүн Далан хөндлөн, долдугаар хүү Самуйбуймаа нар хан ширээг өв залгамжлан сууж байжээ.

Ийнхүү 1923 оны сүүлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хүртэл оршин тогтносон юм. 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ.

1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Завхан аймаг нь БНМАУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт үндсээрээ өөрчлөгдсөнөөр одоогийн Завхан аймаг нь 21 сум, 209 багтай, 12,726 өрх, 52,300 хүн ам, 845,415 толгой малтайгаар зохион байгуулагдсан.

1934 оны эхээр Засгийн газраас Алтай аймгийг татан буулгах комиссыг байгуулжээ. Ийнхүү 1931 оны засаг захиргааны шинэ хуваариар Завхан аймагтай нэгэн зэрэг байгуулагдсан Алтай аймгийг 1934 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 5 дугаар хурлаар “... ард түмнээс хүссэн санал эрмэлзлэлийн ёсоор Алтай аймгийг  татан буулгаж, харьяалах 16 сум ба аймгийн яамыг эрхлэх хэргийн хамтаар энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн удирдлагад шилжүүлэн захируулах нь зүйтэй...” гэж шийдвэрлэснээр  Завхан аймаг 37 сумтай том аймаг болов.

1940 оны  үед Завхан аймаг нь 236,7 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 37 сум, 272 баг, 89,372 өрх, 3,342,000 мянган  толгой малтай, манай улсын хамгийн том аймаг байжээ.Ард түмний дотроос аймаг сумын хоорондох зай алслагдах, албан ажил, амьдрал ахуй харилцаа холбоонд хүндрэл бэрхшээл учрах болсныг аймаг, сумын хурал, зөвлөгөөн дээр албан ёсоор шүүмжилж эхэлсэнээр 1940 онд хуралдсан Улсын 8 дугаар их хурлын шийдвэрээр Завхан аймгийг  хувааж, одоогийн Говь-Алтай аймгийг 20 сумтайгаар салгаж байгуулсан.

Манай аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул зэрэг рашаан амралтын газартай,  халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай, цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломж, хэтийн ирээдүй сайтай юм.

Эртний сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий соёлын биет өвөө 2022 онд тоолж 658 дурсгалт газрын 7835 дурсгалыг тоолж бүртгэн  хамгаалалтад авсан байна.

Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгүйн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Бор хярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм. Ойдоо зэрлэг жимсний нөөц ихтэй.

 Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж хэм -20, -30, монголд хамгийн хүйтэн өвөл /Тосонцэнгэл, Баянтэс сумдад/-53 хэм хүрч байв.
Хойд хэсгээрээ өвөлд зузаан бүрхүүл тогтдог.

Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Төмөрт, Зарт, Цэцүүх, Хос зайгал, Зүйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мөрөн, Хар дөрөө, Тэлмэн, Бүст, ар Бадархундага, өвөр Бадар хундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хөх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Отгонтэнгэр уул нь мөнх цастай, Усны эрчим хүчний нөөц их. Өндөр уулын, тайгын, ойт хээр, хээрийн, хуурай цөлжүү хөрстэй, хээрийн олон хэв шинжийнургамалтай.
Хангай Булнай, Тагнын нуруу тэтгээрийн салбар уулсаар шинэс, Тарвагатайн нуруу нь хушин ойтой. Баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, дорго, шилүүс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сүүлт зээр зэрэг ан амьтантай. Ойн болон өндөр уулын, тал хээрийн, нүүдлийн шувуу ирдэг. Хойлог, Ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хар болон Баян нуурт загас маш элбэг байдаг.

Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил шимт хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бөгөөд хониороо улсад дээгүүр байранд ордог. Тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсдөг. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс, хүнсний ногоо чацаргана тариалдаг.

Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, армийн генерал, генаралууд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм. Эдгээрээс Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Армийн генерал Б.Дорж,  Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцгойлон дурдууштай.

Улиастай хотод томоохон клиник эмнэлгүүдтэй, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Хөгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, Б.Элдэв-Очир, Б.Дорж, Б.Явуухулан нарын хөшөөтэй, биеийн тамир спортын барилга байгууламжтай. Барааны болон хүнсний томоохон захууд, хэд хэдэн сүм хийдүүд ажиллаж байдаг.

Мал сүргээ өсгөж тавдугаар таван жилд мал өсгөх улсын хөдлөшгүй төлөвлөгөөний 1974 оны даалгаварыг нийт малын дүнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах төлөвлөгөөг биелүүлж өндөр амжилт гаргасныг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ. 2017 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан.

 

2016-02-16 12:22:36